Таван махбодь ба үнэт чулуудын холбоо

0
11

Сансар огторгуйн таван үндсэн махбодь буюу Шороо, Ус, Гал, Хий, Огторгуй нь бидний хүмүүний биед цогцоороо оршиж байдаг. Хэрэв тэд харгалзан тэнцвэртэй байх аваас хүний бие эрүүл саруул байх нөхцөл хангагддаг.
Эртний энэтхэгийн Жйотиш-шастир гэх мэт эрдэм ухаануудад эдгээр элементүүд нь үнэт чулуунуудад агуулагдаж байдаг хэмээн өгүүлжээ.

Тодруулвал:
– Бадмаараг болон Улаан шүр чулуунд Гал махбодь
– Сувд болон Очир Алмаз, Цагаан Индранил зэрэгт Ус махбодь
– Маргадад Шороон махбодь
– Шар индранилд Хий махбодь
– Цэнхэр Индранилд сансрын эрчим буюу Огторгуй махбодь оршдог хэмээжээ.

Энэтхэгийн зурхайн бүтээлүүдэд өгүүлснээр, үнэт чулуудын янз бүрийн өнгүүд нь хүний амьдрал, хувь тавилан, эрүүл мэндэд онцгой том нөлөөг үзүүлдэг хэмээсэн. Хэрэв үнэт чулууд хангалттай цэвэр, байгалийн байх аваас хүний амьдралд сөргөөр нөлөөлж буй гаригсын сөрөг нөлөөг бууруулж, нөлөөг нь эерэгжүүлэх боломжтой байдаг ажээ. Ведэд есөн гаригийн үнэт чулуудыг есөн үнэт эрдэнэ буюу наваратна хэмээн нэрлэсэн байдаг.

Ведийн зурхайн ухаан Жйотиш, хүмүүнийг төрөх үеийн гаригсын системийн байршил нь хүний бүхий л амьдралынх нь туршид нөлөөлдөг тухай өгүүлдэг ба ялангуяа сул эсвэл сөрөг нөлөө бүхий од, гариг эрхэс нь амьдралын таагүй, нийцэлгүй байдлыг бий болгодог.

Тэгвэл зөв зүйтэй үнэт чулууг зүүх нь амьдралын бүхий л салбар чиглэлүүдийн асуудал проблемуудад эерэг нөлөөг үзүүлж чаддаг. Тиймээс ч Энэтхэгт үнэт чулууг нэгэн төрлийн сахиус, бие хамгаалагч хэмээн тооцдог ба хувь тавиланг засах, өөрчлөх нэгэн төрлийн арга гэж үздэг.

Хүний биеийн ерөнхий байдал, сэтгэл санааг Нар, оюун ухааныг Сар, шаргуу тууштай байдлыг Ангараг, дуу хоолойг Буд, мэдлэг ухааныг Бархасвадь, хайр гоо сайхныг Сугар, тэвчээртэй байдал, хашир, бодлоготой байдлыг Санчир илэрхийлдэг хэмээн үздэг.

Эдгээр гаригууд нь хүний амьдрал болон бие махбодид байнгын нөлөөг үзүүлж байдаг ба эдгээрээс гадна сүүдрийн гаригууд гэж нэрлэгддэг Раху болон Кету гаригуудын нөлөө мөн бий.

Тантрын алдартай бүтээл болох “Тантра Сара”-д өгүүлснээр, хүний бие нь есөн үнэт эрдэнэсийн арал юм хэмээн тодорхойлон өгүүлсэн байдаг. Эдгээр есөн үнэт эрдэнэс нь хүний биемахбодь бүрэлдэн тогтож байдаг есөн дхатутай харгалздаг.

Эдгээр есөн дхатутай есөн үнэт чулууд нь:
Мах – Шар индранил
Үс – Цэнхэр индранил
Арьс – Муурын нүд
Цус – Улаан шүр
Яс –Алмаз
Тархи – Маргад
Өөх – Гессонит буюу Гомед
Үр ба эмэгтэй өндгөн эс – Сувд
Амьдралын хүч – Бадмаараг

Үнэт чулууд нь эдгээр эрчим энергиүдэд, тэдгээрийг гоёл чимэглэл болгож эсвэл аюурведийн эм тан байдлаар хэрэглэж байгаагаас үл хамаарч нөлөөгөө үзүүлдэг. Мөн эдгээр үнэт чулуудыг зүүх нь дхатугуудад болон хүний амьдралын сэтгэл зүй, биемахбодийн байдалд онцгой нөлөөг үзүүлдэг хэмээн үздэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here