Ажил явдал гарсан айлд мэндэлдэггүй. Хөөрөглөж тамхилах бол хөөрөгний толгойг ердийн адил дээш нь сугалдаггүй.

0
13

Ажил явдал гарсан айлд мэндэлдэггүй. Хөөрөглөж тамхилах бол хөөрөгний толгойг ердийн адил дээш нь сугалдаггүй. Хөөрөгний толгойг илэрхий доош дараад толгой дээр нь эрхий хуруугаар дараад хөөргөө өгдөг. Айлд ирсэн хүн шууд тэгэж тамхилваас, “Заа, энэ хүн муу мэдээ дуулгахаар иржээ” гэж ойлгодог.

Тэгтэл одоо яаж байна гэхээр үхэл хагацал үзсэн айлд учиргүй чанга дуугарч мэндлээд л баяр болж байгаа юм шиг инээмсэглэж ирээд л мэндлээд буй хүмүүс мэр сэрхэн харагдах нь эвгүй харагддаг. Үгээр бус нүүр царайн болоод биеийн хэлэмжээр мэндэлж ойлголцдог заншилтай. Хөөрөгний толгой дээр эрхийгээр дарах нь уй гашуу тохиов. Аман мэнд мэдэлцэхгүй гэсэн үг.

Хүнтэй бүрэн бүтэн мэнд мэддэггүй хүнийг үхэл хагацал үзсэн юм шиг яачаав гэж ирээд зэгсэн цээрлэдэг. Тэр цээрийг харин үхэл хагацал тохиосон үед заавал биелүүлдэг. Хэрэв зээ, үхэл хагацал үзсэн нөхцөлд үйлддэг аливаа ёс заншлыг үйлдэхгүй бол дахиж тийм зовлон удаа дараа тохиодог гэж үздэг. Жаргал цэнгэлтэй үед инээж хөхрөхгүй зовлон үзсэн мэт газар шагайгаад байвал дахиж баяр жаргал ховор тохиодог. Амсах жаргалаа алдаад асгачхаж байгаа нь тэр.

Жаргал, зовлонгийн аль алинд үйлдэх зан үйл, хэлэх хэлэхгүй үг гэж бий. Тэр ч байтугай өмсөх хувцас хунарт хүртэл заншил бий. Зарим хүн жир үед ханцуйгаа дотогш хумиад байдаг. Хэлээд үг авдаггүй. Ханцуйг ажил төрөлх хийхэд жаахан түүртвэл арагш нь эргүүлдэг.

Дэвжих төрийн дээл хувцсыг дэлгэрч дэвжүүлэхийн бэлгэдлээр энэ. Дотогш хумиж чихэх бол хайртай бүхнээ алдаад хагацаж үгүйрч хоосорлоо гэсэн тэмдэг. Үхсэн хүний цогцост гар хүрэхдээ ханцуйгаа дотогш хумиад, дотоод хормойгоо бүсэндээ хавчуулчхаж байгаад малгайгаа хойш нь харуулж өмсдөг.

Бас хаалганд хөрөө хүргэх зэрэг үйлийг заавал үйлддэг. Эс үйлдвээс дахиж ойрхон үхэл тохиох ёр дууддаг учиртай. Хүний амьдралд жаргал, зовлон юу эс тохиолдох билээ. Тэдгээрээс утга агуулгыг ухаарч үйлдэх зан үйлийг цаг тухайд нь заавал үйлддэг ёстой.

Орчин үеийн улсууд цаг бусаар маш ихээр өнгөрчхөөд болохгүй юм. Монголчууд үүний цаад учрыг огт олж ухаарахгүй нь даанч гачлантай. Цаг бусаар өнгөрсөн хүний үр хүүхдүүд бага жаахан үлдсэн бол эргэн тойрны ахан дүүс хэн ч гэлээ өөрсдийн боломжоор мал зүсэлж өгөх, дээл хувцас оёж өмсгөх, эд хөрөнгө өмчлүүлж өгөх зэрэг ёсон бий. Энэ ёс алдагдчихлаа.

Эх эцгийн нь сүнсийг баярлуулж байж дараа төрөлдөө бушуу төрдөг. Тэгэхгүй бол ардаа сэтгэл зовниж хоргодох, сүнс нь амирлахгүй түдээд хэзээ нэгэн цагт араасаа үрсээ дагуулах гэхчлэн хатуу хөтүү зовлон тасардаггүй. Тэгээд нас барсан хүнийг баярлуулж чадаагүй бол ар гэрт нь бүр заавал өглөг буян үйлдэх ёстой. Тэгэхгүй бол нэхэл хатуу гэдэг юм шүү!

Миний нэгэн танил нөхөд муудалцаад бөөн хэрүүл зодоон болов оо. Тэгээд жил гаруйхан хугацааны дараа нэг нь зуурдаар нас барчхав. Эвсэж бие биенээ уучлаагүй яваад байсан юм л даа. Тэгсэн өнөөх үлдсэн хүн нь гурван жилийн дараа өнгөрчихлөө. Түүнийг мэргэн хүн үзээд,

– Нас барсан хүний ар талд өглөг өгч гомдол таслаагүй байна гэжээ. Магад өөрийн нь зөв, нас барсан хүний буруу байлаа ч гэсэн заавал ёсыг үйлдэж сэтгэлийн хүлээдэс тайлах ёстой. Тэгээд бүр ар гэрт нь тус хүргэж авцаа өгцөө байдаг бол таслах хэрэгтэй. Миний анзаарснаар ёс сахихгүй үл тоосноос болоод талийгаач болсон хүний 21, 49 хоног дээр ойрын хэн нэгэн нас барах, гэмтэж бэртэх зэрэг нэхэл дагал цөөнгүй харагддаг.

Монголчуудын цаг бусын үхэл бол маш олон шалтгаантай. Нэн түрүүнд бид үндэстнээрээ ухамсрын доройтолд орсны хар гай. Нүгэл үйлдэж тэнгэр газраа дошгируулсны балаг дийлэнх хувийг эзэлж байна. Хэзээ байхад Монгол хүн ингэж дур зоргоороо авирлаж газар орноо ухаж төнхөж байлаа даа. Энэ бол нөхөж баршгүй том нүгэл.

Нүгэлтнүүдийн хар гай нь гэм зэмгүй цагаан цаас шиг бусдад үсрээд болохгүй юм. Угаасаа тэгдэг. Цагаан өнгийн эд юмс дээр хир толбо тогтох нь амархан. Яг түүн лүгээ адил хиргүй цагаан хүн бусдын балгаар осолдож эндэх нь нэн элбэг. Тийм учраас хун шиг цагаан байж үл болно. Амь насанд цөвтэй. Хэрээ шиг хар явж үл болно. Үр хүүхдэд, зам замналд тань цөвтэй.

Шаазгай адил алаг яв гэж номложээ. Гэмгүй явсан хүн гэнэт осолдохыг “Ойх үсрэх” гэдэг юм.
– Ээ халаг, тэр нэг сайхан хүүд хүний ойх ирчихлээ. Хайран хүү гэж байдаг сан. Хамгийн гачлантай нь ямар ч гэмгүй нэгэнд ойр дотны болоод танил хүмүүсийн нь бузар үйлийн үртэс үсрээд амийг нь авч оддог. Муу санаатай, муу үйлтэй нүгэл үйлддэг хүнээс ширхэг хадаас ч авч болохгүй.

Тэдэнтээ цай хувааж уух, аян замд хамт явах, сэтгэл дотносож бэлгийн харьцаанд орох зэргийг үйлдвээс ойх нь ирдэг аюултайг ямагт санаж яв!

Өнөө цагт тэнэгүүдийн ойх үй олноороо үсрээд болохгүй юм. Тэгээд манай Монголчуд билэгдэл зүйгээ хөсөр хаясны балгаар зовлон зүдгүүр амсах нь их болжээ. Дээр өгүүлсэнчлэн ойрын нэгэнд нь үхэл зовлон тохиочхоод байхад ажигчгүй дүнгэр дүнгэрхийтэл мэндлээд байх нь мөн л гай зовлонгоо зузаалж буйн шинж.

Орчин үед хэн нэгний ар гэрт гачигдал гарвал анги хамт олноороо оччихоод буцах замдаа баахан архи гударч наргих тохиол бишгүй. Ийн бусдын зовлонгоор жаргал хийсний чинь нүгэлийг тэнгэр харж байгаа. Тэрнээс шалтаглаад эдгэшгүй өвчин тусах, ар гэрт нь гай барцад тохиох гээд үхээрийн бузар болдог гэмтэй.

Ялангуяа цаг бусын үхэл хагацал тохиосон хавь ойрын ахан дүүс хэн нэгний ар гэрт ажил явдлын үеэр очоогүй ч гэлээ хугацаа хэтрүүлэлгүй үр хүүхэд хань ижилд нь буян үйлдэх ёстой. Цаг бусаар нас барсан хүн ардаа их хардаг тул сүнсийг нь баярлуулах хэрэгтэй.

Ядахдаа сэтгэлийг нь өргөөд сайхан үг хэлж болох л шүү дээ. Нас барсан хүний ар талыг хайрлан хамгаалж тус хүргэвэл өөрт чинь л сайн. Өндөр настай хүн бол тэртээ тэргүй жамаараа явж байгаа учраас нэхэл дагал болох нь харьцангуй бага.

Харин гомдоож явсан ба, үрс нь санаанд хүрээгүй сэтгэлийг өвтгөсөн бол төрөл авч чадахгүй их уддаг аж. Ингээд бодохоор ер ямар ч хүн нас барахад сүнсийг нь сайтар анхаарах учиртайг хэлэх гээд байна. Намайг жаахан байхад өвөөг минь өөд болсны дараа хаяагаар давхиад яваа улсууд ч мэр сэр байсан. Тэгтэл халгалгүй буугаад морддог нь ч байв.

Буусан хүн нь манай хэдэн тэмээг хүртэл алсыг нь харж эргүүлж тойруулах, идэш хоолгүй болчихсон бол мал гаргаад өгөх гээд тус хүргэсэн хүмүүсийг одоо хэр нь мартдаггүй. Мартаж үл болмой! Тэд их сайн явцгаадаг. Ямарч муу хүн байлаа ч сүнсийг нь бодож ёсыг сахивал зохино. Таныг яаж хандаж буйг сүнс нь анзаарахын ихээр анзаарч байдаг тул хүндэтгэлтэй хандацгаах чухал…. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эх сурвалж: Хумбагарын Батмэнд. 2024. 11. 06.

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here